Мэдээ төлбөртэй байх ёстой юу?

Төлбөртэй мэдээг хэн хэрэглэдэг вэ, тэд ямар учраас төлбөр төлдөг вэ

2022 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 25ДУГААР №4

Сарын дараа эргээд уулзаж байгаадаа баяртай байна. Ажлын хуваариас шалтгаалаад энэ удаад нэг өнжчихлөө, уучлаарай. 😁

Нэг сар өнгөрөх хугацаанд дэлхийн тэргүүлэх мэдээллийн суваг CNN өөрийн тусгай, төлбөртэй видео мэдээний "streaming" үйлчилгээг нээгээд бас хаалаа. Тэдний толгой компани Warner Media-г Discovery өөртөө нэгтгэснээр HBO, HBO Max зэрэг кино, шоу - streaming туршлагатай компанийн хувьд илүү дөт санагдсан байж мэднэ. Гэхдээ мэдээ, мэдээллийн контентийг төлбөртэй үйлчилгээ болгох гэсэн энэ оролдлого хэтэрхий богино настай байлаа. Эндээс үүдээд төлбөртэй мэдээг хэн хэрэглэдэг вэ, тэд ямар учраас төлбөр төлдөг вэ, басхүү мэдээ төлбөртэй байх ёстой юу 🤔 гэсэн асуултад хариулт эрэхийг хичээлээ. 

Ковидын хөл хорио суларч дэлхий даяар биеэр оролцох боломжтой олон сайхан арга хэмжээ үүдээ нээж эхэллээ. Италийн Перужиад Олон улсын сэтгүүл зүйн фестиваль зохиогдож цаашид анхаарч, бодох асуудлуудыг хөндсөнийг медиа сурвалжлагчид бичиж, ярьсаар байна. Тэр бүхнээс тоймлон багцалсныг уншаарай. 

⏱ Энэ товхимол нь нийт 1406 үгтэй, та уншихад 10 мин зарцуулах болно. 

📺 СЭДЭВ: CNN Plus үйлчилгээ нээгдээд сар бололгүй хаагдав 

Мэдээний ертөнцөд цоо шинэ хэв маягийг санал болгож, хувь хүний онцлогт тохирсон мэдээллийн үйлчилгээ болон шилдэг мэдээний контентуудыг хүлээн авах боломжтой хэмээн дуулиантай нээгдсэн CNN Plus үйлчилгээ энэ сарын 30 гэхэд бүрэн хаагдах гэнэ. Толгой компани нь Warner Bros, Discovery зэрэг шилдгүүдтэй нэгдэж streaming үйлчилгээнд "хөл тавьсан" мэдээнийхэн маань сард 5.99 долларын төлбөртэйгөөр CNN Plus-г эхлүүлсэн. Эхний сард Axios-н мэдээлснээр 150 мянган хүн уг үйлчилгээнд нэгдсэн бол CNBC 10 мянга хүрэхгүй хүн л өдөр тутамдаа хэрэглэж байсан гэжээ. Ямартай ч, компанийн зүгээс илүү өргөн хүрээтэй стратегийн бодлого явуулах үүднээс үйлчилгээг зогсоож байгаагаас биш бүтээлийн чанар, чансаатай ямар ч холбоогүй гэдгийг онцолжээ. 

Энэ үйл явдлаас харахад сүүлийн олон жил маргааны сэдэв болж байгаачлан "Мэдээ төлбөртэй байх ёстой юу?" гэх асуулт дахин ургаж байна. Контент биш шүү, мэдээ төлбөртэй байх ёстой юу? 

Юун түрүүнд мэдээ гэдэг бол мэдээллийг ач холбогдлоор нь сонгож, боловсруулж, нягталж, бэлтгэсэн сэтгүүл зүйн бүтээл байдаг. Сэтгүүл зүйд мэдээ нь үнэн бодитой, цаг үеийн, нийгмийн ач холбогдолтой бөгөөд ямар нэг хэрэгслээр дамждаг зэрэг байдлаараа боловсруулаагүй мэдээллээс ялгардаг. Тэгвэл мэдээг зөвхөн төлбөр төлж үздэг болгож хязгаарлах нь сэтгүүл зүйн олон нийтийн гэх чанараа алдаж байна гэсэн үг. Зөвхөн мөнгөтэй нь мэдээ хүлээж авдаг, төлбөр төлж байж чанартай мэдээ уншдаг байх нь сэтгүүл зүйн зарчимд нийцэх үү? 

Түүнчлэн хуурамч мэдээллийн энэ эринд мэдээ, нийтлэлээ хязгаарлах нь сэтгүүл зүй сайн дураараа бууж өгч буй хэрэг гэжээ. Учир нь, мэдээ хүртээмжтэй, нийтэд ил тод байснаар олон нийт асуудлыг хэлэлцэж, шийдвэр гаргах бодит мэдээллээр хангагдах суурь бүрдэнэ. Судалгаагаар боловсрол, орлого багатай иргэд мэдээний аливаа төлбөртэй үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байна гэгдэж буй. Тэгэхээр чанартай сэтгүүл зүй, даацтай анализ зэргийг хэтэвчээр хязгаарлах нь зөв алхам биш гэдгийг Нью-Йорк Таймсын нийтлэлд дурьджээ. 

Тэгвэл ямар мэдээнд, хэн, хэрхэн мөнгө төлж байна вэ? 

Бидэнд нэгэнт судалгаа, дата байхгүй учраас Америкийн хэвлэлийн хүрээлэнгээс явуулсан судалгаагаар баримжаалъя. 

-Америкт насанд хүрсэн иргэдийн 53% нь мэдээнд төлбөр төлдөг. (Сонин, сэтгүүл захиалах, мэдээний төлбөртэй апп, үйлчилгээ авдаг, олон нийтийн хэрэгсэлд хандив өгдөг...)-Дижиталаар төлбөртэй мэдээ хүлээн авагчдын 50% нь тухайн сониноо хэвлэмэлээр нь хэзээ ч захиалж, худалдан авч үзээгүй. -Хэрэглэгчид өөрийгөө нэг бол зөвхөн дижиталаар, зөвхөн хэвлэмэлээр уншдаг гэж тодорхойлсон бол ердөө 4 хувь нь хослуулж хэрэглэдэг гэв.-Залуучууд мэдээллийн шинэ эх сурвалж олж мэдэхдээ сошиал медиагаар дамжуулан "танилцдаг" гэжээ. Тэдний хувьд хэвлэл, мэдээллийн байгууллагын үнэт зүйл, зорилго нь төлбөр төлөх шалтгааныг тодорхойлдог. 

Мэдээний төлбөртэй хэрэглэгчдийн гол мотиваци нь тэд (1) мэдээлэлтэй иргэн байхыг хүсдэг, (2) тодорхой сэдвээр дагнасан, маш сайн мэдээ уншиж, үзэхийг хүсдэг байна. Тиймээс төлбөртэй үйлчилгээ үзүүлэх гэж байгаа бол нэг л сэдвийг дагнан судалж, бүрэн мэдээлэл өгөхийг судалгааны дүгнэлтээр санал болгожээ. Мөн хэвлэл уншигчдад купон санал болгох нь хамгийн үр дүнтэй гэдгийг хэрэглэгчид өөрсдөө нотолсон байна. Сонин, сэтгүүл дагалдаж ирдэг урамшууллын тусламжтайгаар тэд дижитал үйлчилгээг давхар захиалдаг болжээ. Харин залуусыг татах чухал алхам нь тэдэнтэй холбоо тогтоох, тогтмол эргэх холбоотой байх, үнэт зүйл, зорилгоо хуваалцаж, түүнийг нь ойлгож, мэдрэх гэжээ. 

🗓️ Үйл явдал: Олон улсын сэтгүүл зүйн фестиваль 

Дөрөвдүгээр сарын онцлох үйл явдал Италийн Перужиа хотод болсон 16 дахь удаагийн Олон улсын сэтгүүл зүйн фестиваль байлаа. Хэвлэлийн эрх чөлөө, бизнес загвар, Украины асуудал, уур амьсгалын өөрчлөлт гэхчлэн олон асуудлаар дэлхийн томоохон редакцын удирдлагууд, судлаачид, сэтгүүлчид, контент бүтээгчид хуран чуулжээ. Энэ фестивальд манай улсаас контент бүтээгч Г.Ану Азийн онцлох медиа энтрепренэрээр сонгогдон хэлэлцүүлэгт оролцсон юм. 

Г.Анугийн нүдээр анзаарсан гол санаануудыг тоймлооч гэхэд дараах хариултыг өглөө. 

  • Медиа компаниуд, тэр дундаа компаниудын сэтгүүлчид өөрсдөө independent creator болох тухай олон панелиар хөндсөн. Контент бүтээгчдийн эдийн засагт үзүүлж буй нөлөө, энэ чиглэлээр мөнгө, бизнесийн харилцаа нэгэнт өрнөөд эхэлсэн энэ үед сэтгүүлчид үүнд хэрхэн байр сууриа тодорхойлох, нөгөө талаас байгууллага нь энэ үйл ажиллагааг дэмжих, үгүй гэхэд хориглохгүй байх хэрэгтэй гэж ярьж байсан нь авууштай.

  • Сэтгүүлчдийг аливаа эрсдэлээс хамгаалах тухай их хөндөгдлөө. Эрэн сурвалжлах сэтгүүлчид редакцынхаа төлөө ажиллаж байгаагийн хувьд хувь хүн нь эрсдэлд орж байдаг. Ийм нөхцөлд сэтгэл зүйн дэмжлэг хэрхэн үзүүлэх вэ гэдгийг ч хөндсөн.

  • Медиа компаниуд Google, Meta зэрэг технологийн компаниудаас санхүүжилт авах нь ёс зүй, сэтгүүл зүйн зарчимд хэр нийцэж байна вэ гэдэг мэтгэлцээн ширүүн өрнөсөн. Хачирхалтай нь, энэ хоёр компани фестивалийн гол ивээн тэтгэгчид байсан юм.

Тоймоо баяжуулах үүднээс Reuters Institute фестивалиар яригдсан сэдвүүдийг багцалснаас дурдвал: 

  1.  Инноваци гэдэг бол юу нэвтрүүлэх вэ гэдгээс гадна бас юуг хийхгүй байх вэ гэдэг асуудал. Технологийн платформуудын санал болгосон боломж бүр рүү үсэрч орох нь инноваци биш гэдгийг Guardian-ий Крис Моран онцолжээ. Учир нь, инноваци гэдэг бол редакц болон хэрэглэгчдэд үнэнхүү үр ашигтай шийдэл байх ёстой. Тиймээс цаашид сонирхолтой асуудлуудыг олж хардаг, шийдэл эрдэг хүмүүсийг ажилд авна гэлээ.

  2. Сэтгүүлчдийн эсрэг үзэн ядах үг хэллэг, дайралтад бэлтгэлтэй болох. Бразилд Засгийн газраас явуулдаг зориудын хуурамч мэдээллийн асуудал ид хөндөгдөж, хэлэлцүүлэг өрнөжээ. Хэвлэл, мэдээллийн байгууллагууд хуурамч мэдээлэл, аливаа доромжлолд идэвхтэй хариу өгөх чадвартай, мэргэжлийн дижитал экспертүүдийг ажилд авч шуурхай ажилладаг болох шаардлагатай гэв. Түүнчлэн Бразилын сэтгүүлч Патришиа Меллогийн хэлснээр цахим дайралтад гол төлөв эмэгтэй сэтгүүлчид өртдөг бөгөөд энэ бүхэнтэй сэтгүүлч ганцаараа тэмцэж чадахгүй. Тиймээс "Өөрөө учраа ол" гээд орхих биш энэ асуудалд редакц хариу өгдөг байх, институцийн хүчин чармайлт нэн тэргүүнд шаардлагатай.

  3. Украины сэтгүүлчид хэвлэлийн эрх чөлөөний төлөө олон улсын сэтгүүлчдийг хамтдаа тэмцэхийг уриалав. Kiyv Independent сонины захирал Дарина Шевченко "Бид сүүлийн 30 жилд тусгаар улс болж, эрх чөлөөт улс, эрх чөлөөт институцийг бий болгохын төлөө хуруу, хумсаа хугартал ажилласан. 2021 он гэхэд бид маш олон прогрессив хуулийн төслүүдийг батлаад байсан нь иргэний нийгэм, хэвлэлийнхний зүтгэл байсан" гэлээ. Олон улсын сэтгүүлчид тэдэнд хэрхэн туслах вэ гэхэд тэрбээр "Украинд болж буй дайны талаар ярьж, бичээд л байх хэрэгтэй. Хэрэв чимээгүй болох л юм бол, нөхцөл байдал илүү дордоно" гэжээ.

  4. Хэвлэл, мэдээллийн байгууллагууд багуудынхаа уялдааг холбоог сайжруулах шаардлагатай. Conde Nast-ийн Милли Тран энэ санааг онцолсон юм. Бүтээгдэхүүн хөгжүүлэгчид (Редакцад хүртэл бүтээгдэхүүн хөгжүүлэгч!) редакцын баг болон технологийн багийн хооронд гүүр болж хэрэглэгчид таатай контент хүлээж авах хувилбаруудыг санал болгох учиртай. Бүтээгдэхүүн хөгжүүлэлт гэдэг бол хүлээн авагч-технологи-орлого гэсэн гинжин хэлхээ гэв.

  5. Хосолмол хэлбэрээр ажиллах нь зөвхөн ажилтнуудад биш редакцад ч тустай. Reuters Institute-с гаргасан судалгааг танилцуулах үеэр зайнаас болон оффисоос ажиллах нь бүтээмжид тустай гэдгийг олон талаас батлан харуулжээ. Ажиллагсдын хувьд цагийн хуваарийн нээлттэй байдал нь таалагдаж байгаа бол редакцын хувьд илүү олон талт, олон янзын сэтгүүлчдийг тодорхой цагаар ажиллуулах ингэснээр тал бүрийн сэдэв, асуудал руу орох боломжтой болно хэмээжээ.

⚡️ШИНЭЭР

Шинэ Инстаграм: Үрлээ 

Зориг сангийн "Залуу Манлайлал" хөтөлбөрийн оролцогчид улсын төсөвтэй холбоотой мэдээллийг энгийн, сонирхолтой байдлаар хүргэх зорилгоор энэ хаягийг ажиллуулж байна. Тэд товчхондоо "Бидний гарт ирээгүй цалин хаачсан бэ" гэх асуултад хариулт хайж байна гэлээ. Сар бүр төлдөг татварын мөнгө юунд зарцуулагддаг вэ, үр дүнтэй, хэрэгтэй зүйлд үү эсвэл дэмий үрээд байна уу гэдгийг эдний сонирхолтой графикуудаас хараарай. 

Шинэ сэтгүүл: Гэрэг 

"Нью-Йорк Таймс"-тай хамтран гаргадаг цувралуудын маань нэг "Turning Points-2022" худалдаанд гарлаа. Дэлхийд нэртэй нийтлэлчдийн шилмэл нийтлэлүүд болон манай "Гэрэг" редакцын бэлтгэсэн шинэхэн сурвалжилга, ярилцлагаар баялаг дугаарыг эндээс захиалж уншаарай. 

Эргэлт.мн мэдээллийн сайт сэтгүүлч, уран бүтээлчдийнхээ шилдгийн шилдэг бүтээлүүдийг эмхэтгэн “Эргэлтийн номын сан” цуврал нэртэй арван ном бүтээж, номын нээлтээ хийлээ. "Цахим орчинд үзэгдээд алга болох биш, үнэ цэнээ хадгалж үлдэх бүтээлүүдийг хоёр жилийн хугацаанд туурвиж, арван ном болгон уншигчдад бэлэг барина гэдэг нь өөрөө нөр их хөдөлмөр. Мэдээллийн шуурганд завгүй байдаг сэтгүүлчид ийм их ажлыг амжуулж, бодит зүйл болгож байгаад баярлахын сацуу бахархаж байна” хэмээн МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч З.Боргилмаа сэтгэгдлээ хуваалцжээ. 

🎙 Подкаст: Ajiglagch Club 

Ажиглагч Д.Цэрэнжав, сэтгүүлч С.Энхцэцэг нар сэтгүүл зүйд гарч буй шинэ контентуудыг анхааралтай үзэж, судлахын зэрэгцээ тэндээс харагдаж буй чиг хандлагын талаар сэтгэгдлээ хуваалцах шинэ подкаст эхлүүлснийг онцолж байна. Нэг талаас шинэ нөгөө талаас "Ажиглагч" үргэлжилж байна гэдгийг Д.Цэрэнжав ах нээлтийн үгэндээ дурдсан нь олон жил хэвлэл, мэдээллийн салбарын алдаа, оноог шүүн тунгааж хэлдэг байсан түүний блог, нийтлэлүүд ийнхүү шинэ хэлбэрээр агуулгаа баяжуулж байгаа аж. 

✌️ Нэг өгүүлбэрээр 

Энд тэнд харсан сонирхолтой гарчиг, нийтлэл дундаас онцолж бодсон өгүүлбэрүүдээ хуваалцъя. Та ч бас сонирхвол цааш нь уншаарай. 

Сэтгүүлчдийн зарим нэгдэл Пулицерийн шагналд ил тод, олон талт байдлыг хангасан редакцууд нэр дэвшдэг байх хэрэгтэй гэсэн санал гаргажээ | Дижитал медиа компаниуд олон нийтийн хувьцаа гаргахыг хүсэх болов. Гэвч тэдний редакц энэ дунд тэсэж үлдэж чадах уу? | Хуурамч мэдээлэлтэй тэмцэх нь зөвхөн экспертүүдийн ажил биш медиа салбарын хүн бүрийн ажил | Дуучин Ed Sheeran Украинд зургийг нь авсан шинэ дууны видеогоо цацлаа. "2step" гэх энэ видеоны зураг авалтыг хоёрдугаар сард хийжээ.

👏 Товхимлын минь шинэ дугаарыг хүлээн авч уншсанд баярлалаа. Танд медиа салбартай холбоотой дуулгах сонин, дамжуулах мэдээлэл байвал миний сошиал хаягуудаар шууд холбогдоорой. Энэ дугаартай холбоотой сэтгэгдлээ бас и-мейлд шууд хариулан хуваалцаарай. 😎