Медиа тойм №1

Зах зээлээ илүү сайн танья

2022 ОНЫ 2 ДУГААР САРЫН 14

И-мейл хаягаа бүртгүүлж энэ зурвасын минь анхны уншигч болж байгаа Танд баярлалаа. Бид өдөр тутмын амьдралаа гартаа барьж буй сонин, ширээн дээр байгаа сэтгүүл, дэлгэцээр хөврөх мэдээ, мэдээлэл дунд өнгөрүүлсээр сэтгүүл зүй, хэвлэл мэдээлэл гэдэг хамгийн ойрхон, төвөггүйхэн ойлгох сэдэв гэж боддог нь нэг талаар сайхан. 

Гэхдээ энэ бүхний ард, арай өргөн хүрээнд харвал дээрх нь медиа гэх ойлголтод хамаарч илүү институцийн шинжтэй, өөрийн гэсэн судлагдахуунтай, энэ салбарт ажил хөдөлмөр эрхлэхэд үр ашиг, үнэ цэн, нөөц бололцоо, санхүү, хүний нөөц гээд олон хүчин зүйлс нөлөөлдөг. Тиймээс зөвхөн сэтгүүл зүйн хөндөн гаргаж буй агуулга, сэдэв болоод түүнийг илэрхийлэн хүргэж буй уран чадвараас гадна медиа гэх энэ экосистемийн өөрчлөгдөн, хөгжиж байгаа орчны талаар хэлэлцэж, ярилцах платформ бий болгохоор The Media Show подкастаа эхлүүлсэн билээ. 

Хэдий цөөн дугаар гаргаж, тогтмол байдлаа хадгалж чадахгүй байгаа ч дахиад л зориглон ийм нэгэн товхимлыг эхлүүлж байна. Үүгээр дамжуулан хоёр долоо хоног тутамд салбарынхаа шинэ сонинг дуулгаж, хуваалцдаг байхаар хичээх болно. Танд ч бас бусдад түгээх шинэ мэдээлэл байвал даруй илгээж байгаарай гэж хүсэх байна. 

⏱ Энэ товхимол нь нийт 1586 үгтэй, та уншихад 12 мин зарцуулах болно. 

📺 ШУУД ДАМЖУУЛАЛТ: Өвлийн олимп

Өвлийн олимпын 24-р наадам хоёрдугаар сарын 4-нд Бээжин хотноо эхэлж 91 орны 2800 орчим тамирчин хурд, хүчээ сорьж буй. Харин тэднийг сурвалжлах эрхийг дэлхий даяар нийт 3000 сэтгүүлчид (сурвалжлагч, гэрэл зурагчин, зураглаач) олгожээ. Мөн 100 шахам орны мөн тооны телевизийн сувгууд Бээжин-2022 наадмыг шууд дамжуулан үзүүлж буй. 

Манай улсын хувьд нийт 10 телевиз хамтран энэ удаагийн Өвлийн олимпын наадмыг үзүүлж байна. Энэ талаар Олимпын наадмыг шууд дамжуулан үзүүлэх Монголын телевизүүдийн хамтын ажиллагааг хариуцан ажиллаж буй "NTV телевизийн Гүйцэтгэх захирал А.Баярбатаас зарим асуултад тодруулгыг авсан юм. 

Өвлийн олимпын наадмыг 10 телевиз дамжуулж байгаа бол Токиогийн Зуны олимпын наадмыг 13 телевиз хамтран дамжуулсан нь сайн жишиг болсон гэдгийг тэрээр хэлж байлаа. Дэлхийн бусад оронд гол төлөв 2-3 телевиз Олимпын наадмыг шууд дамжуулан үзүүлж байгаатай харьцуулахад манай телевизүүдийн тоо олон байгаа нь 2 үндсэн шалтгаантай гэдгийг онцлов.

  1. Олимпын наадмыг шууд дамжуулах эрхийг худалдаж авах нь асар өндөр зардалтай байдаг. Монголын нэг телевизийн нэг жилд олдог мөнгөнөөс 2 дахин өндөр өртөгтэй гэж ойлгож ч болно. Тиймээс гадны телевизүүд шиг аль нэг нь дангаараа тэр их мөнгийг төлж, эрх авах боломжгүй байдаг учраас олуулаа нийлж зардлаа үүрдэг байна.

  2. Нөгөөтэйгүүр дамжуулах суваг олон байхын хэрээр хэрэглэгчид хожиж байдаг. Хэрэв 1-2 телевиз дамжуулж байсан бол бид нэг цагт зэрэг болж байгаа олон төрөл, тоглолтын аль нэгийг л гаргахаас аргагүй. Гэтэл Зуны олимп 55 төрөл, Өвлийн олимп 15 төрөлтэй зохион байгуулагдаж байгаа энэ үед бид ямар ч төрлийг алгасахгүйгээр үзэх боломжтой байгаа нь спорт сонирхогчдын хувьд азтай хэрэг гэж болно.

Дашрамд дурьдахад Олимпын наадмыг шууд дамжуулах эрх олгох нь Олон улсын олимпын хорооны маркетингийн үйл ажиллагааны салшгүй хэсэг юм. Энэ санхүүжилтийн 10%-ийг ОУОХ-ны үйл ажиллагаанд, үлдсэн 90%-ийг Олимпизм, спортын хөгжилд зарцуулдаг талаар албан ёсны сайтдаа дурьджээ. 

Мэдээж дээрх эрхийг ОУОХ дангаараа хариуцаж дэлхийн олон улстай шууд харилцана гэж үгүй. Бүс нутгуудыг хариуцсан медиа агентлагууд энэ ажлыг хариуцдаг бөгөөд дээрх мэдээллээс харвал Азийн бүс нутгийг "Дэнцү" корпораци хариуцаж гэрээ, хамтын ажиллагааг зохион байгуулдаг байна. 

Хэвлэл, мэдээллийн байгууллагууд спортын наадмыг шууд дамжуулахад яагаад ингэж анхаарч байна вэ гэдгийг Та гайхаж байж магадгүй. Юун түрүүнд, энэ төрлийн контентийн үзэлт маш өндөр бөгөөд монгол үзэгчдийн хувьд ч ялгаагүй өндөр байдгийг А.Баярбат захирал хэлж байлаа. Түүнчлэн телевиз гэх хэрэгслийн хувьд интернэт, дижитал медиа гэсэн том өрсөлдөгчтэй болсон энэ эрин үед үйл явдлын мэдээ болон спортын шууд дамжуулалт “амьд үлдэх” ирээдүй нь гэдгийг судлаачид хэлсээр байгаа. NTV телевизийн хувьд яг л энэ зарчмыг баримталж өндөр чанартай кино/сериал, нийгэм цаг үеийн мэдээ, сурвалжлага болон спортын тоглолтуудыг хүргэж байгаагаараа онцлог. 

*Өнгөрсөн Зуны олимпын наадмын дараа Паралимпын наадмыг телевизүүд дамжуулсангүй гэсэн шүүмжлэл хүчтэй өрнөсөн. Тэгвэл 3-р сарын 4-13-нд болох Бээжин-2022 Паралимпыг С1 телевиз дамжуулах юм байна. **Олимпын наадмыг 10 телевиз шууд дамжуулан үзүүлэхээс гадна "ТэнГэр" ТВ өөрийн сурвалжлах багийг илгээж өдөр бүр тойм мэдээлэл бэлтгэж буй. 

🧐 СУДАЛГАА: Зах зээлээ илүү сайн танья

Сэтгүүл зүйн инновац, хөгжлийн "Үүр" төвөөс Splice медиа компанитай хамтран Монголын хэвлэл, мэдээллийн зах зээлийн аудитын судалгааг хийж нийтэд танилцуулаад байна. Судалгаа хийх явцдаа дижитал орчинд суурилсан медиа старт-ап компаниуд болон туршлагатай хэвлэл мэдээллийн байгууллагууд, ТББ-ын төлөөллүүд, залуу сэтгүүлчид, чөлөөт сэтгүүлчид, YouTube контент бүтээгчид, багш судлаачидтай ярилцаж мэдээллийг нэгтгэжээ.

Судалгааны тайлан танилцуулах уулзалт

Уг тайланг нийтэд танилцуулах арга хэмжээ нэгдүгээр сард болсон бөгөөд онцлох санааг товчлон хүргэе. 

  1. Хэрэлэгч төвтэй сэтгэхүй - Мэдээллийн хэрэгслүүдийн хувьд хүлээн авагч, хэрэглэгч юу хүсэж байгааг гол болгох, тэдний эрэлтийг мэдэрч түүнд нийцсэн контент бүтээгдэхүүн хийх шаардлагатай байгааг онцолжээ. Бие биенээсээ ялгарахуйц, шинэ формат, маркетинг болон түгээлтийн шинэ арга барилыг хэрэглэгч төвтэй бодож хийх хэрэгтэй.

  2. Зах зээлээ мэдрэх - Хэвлэл, мэдээллийн байгууллагууд хүлээн авагчдаа бодитой тодорхойлж, тухайн хүрээллийн зах зээлийг мэдэрч бизнес стратегиа боловсруулах нь чухал. Түүнээс биш зөвхөн "юу ч хамаагүй үйлдвэрлэх" байдлаар контент бүтээж болохгүй.

  3. Сургалтын хөтөлбөр - Сэтгүүл зүйн сургалтын өнөөгийн хөтөлбөр нь ирээдүйн дижитал орчинд ажиллах сэтгүүлчдийг бэлтгэхэд хангалттай биш байна. Тиймээс тогтвортой медиа бүтээхэд шаардлагатай бизнес төлөвлөлт, санаагаа дэвшүүлэх арга замыг заах, хийж байгаа бүтээл, контентоо эрэлтэд нийцсэн бүтээгдэхүүн гэж ойлгоход нь анхаарах шаардлагатай.

  4. Салбарын нийтлэг мөрдөх дүрмийг тодорхойлох - Мэдээллийн итгэлтэй эх сурвалж дутагдалтай байна. Медиа салбарт зориулсан, сэтгүүлч төдийгүй чөлөөт контент бүтээгчид, байгууллагууд мөрдөх дүрэм болон хөтөч бүхий баримт, бичиг шаардлагатай. Үүнийг хийхдээ редакцын болон санхүүжилтын ил тод байдлын зарчимд суурилан гаргах боломжтой. Тухайлбал,

  • медиа компанийн эзэмшил 

  • ашиг сонирхлын зөрчилтэй эсэхээ илэрхийлэх

  • мэдээлэл олж авах, боловсруулах арга хэлбэрээ танилцуулах

  • Ашиг болон бусад орлогын эх үүсвэрээ тайлагнах

  • Хувийн хөрөнгө оруулалтаа дурьдах... зэрэг мэдээллийг ил тод болгож чадвал олон нийтийн зүгээс итгэл үзүүлэх байдлыг нэмэгдүүлэхэд тустай гэжээ.

(Дээрх онцлох хэсгүүдийг аудитын тайлантай танилцаж хувь хүний үүднээс тэмдэглэсэн бөгөөд "Үүр" төвийн зүгээс дээрх хэсгийг онцлон мэдээлээгүй болно. Тайлангийн дэлгэрэнгүйг эндээс унших боломжтой.)

⚡️ШИНЭЭР

Бид чинь юун тулд 500 гаруй хэвлэл, мэдээллийн хэрэгсэлтэй улс билээ дээ. Энэ нь нэг талаар өрсөлдөөнийг хурцалж, цаг ямагт шинэд тэмүүлэх нэгэн хөшүүрэг болдог гэдэгт эргэлзэхгүй байна. Ойрд шинээр гарч байгаа ямар "бүтээгдэхүүн" байна? 

Постер - The Daily Show

Постер - The Daily Show

Шинэ нэвтрүүлэг: The Daily Show, Central телевиз

Өдөр бүр 12:00-15:00 цагийн хооронд гэртээ байгаа үзэгчдэд зориулж мэдлэг, мэдээлэл олгох шинэ хөтөлбөр эхлээд удаагүй байна. Загвар өмсөгч, роккер, бүжигчин, комедиан, влоггер гэхчлэн тэдний хэлснээр есөн шид нь бүрдсэн хөтлөгчидтэй энэ нэвтрүүлэг зугаатай, сонирхолтой бас гоёмсог юм билээ. 

Шинэ булан: Study hacks, Unread Today 

Оюутан, сурагчдад сурах арга барилаа сайжруулахад нь туслах, цэгцтэй мэдээлэл хүргэх энэ буланг Unread-н редакц өнгөрсөн оны сүүлчээр эхлүүлжээ. Хичээлийн тэмдэглэлээ хэрхэн хийх, шалгалтанд бэлдэх аргууд, илтгэл үр дүнтэй тавих тэр ч бүү хэл сурах, амрахаа зохицуулах гээд олон хэрэгтэй зөвлөгөө энд байна. 

Шинэ товхимол: Inside Mongolia 

Монголтой холбоотой мэдээллийг англи хэлээр, цэгцтэй, мэргэжлийн бэлтгэх хэрэгцээний талаар хэн хүнгүй ярьж цөөнгүй оролдлогууд гарч байв. Гагцхүү тогтвортой, чанартай агуулгыг бэлтгэх нь тууштай байдалд сорилт болдог. Тэгвэл энэ талбарт и-мейл товхимлоороо хэдийнэ танигдаад байгаа Lemon Press-ийн баг ханцуй шамлан оржээ. Тэдэнд амжилт хүсье! 

🎙️ ПОДКАСТ - The Media Show 

BBC радиогийн Media Show гэж подкастыг анх шимтэн сонсдог байлаа. Төдөлгүй яагаад бид ч бас медиагийн талаар ингэж хөндөж ярилцаж болохгүй билээ гэх бодол төрсөн ч, хийх зориг нэг л хүрэхгүй байлаа. Ингэж явсаар хамгийн чухал нь шуудхан эхлэх гэдэг зарчмыг санаад анхны дугаараа бичсэнээс хойш нэг жил өнгөрчээ.

Хэрэв Та сонсож байгаагүй бол доор 6 ярилцлагаа нэг Playlist болгон холболоо. Soundcloud болон Apple Podcast платформ дээр The Media Show Khulan Jugder гэсэн нэрээр хайлт хийж дагаарай, энэ 7 хоногт шинэ дугаар нийтлэгдэнэ шүү. 😉

👽 ЭНТЕРТЭЙНМЭНТ

Өдөр тутам сэтгүүлчийн ажил эрхэлж, редакцид ажилладаг хүний хувьд чөлөөт цагаараа дахиад сэтгүүл зүйн кино, ном сонирхоно гэдэг тийм ч таатай хэрэг биш болов уу. Миний хувьд ямар ч гэсэн тэгж санагддаг юм. ;p Гэхдээ амралтаараа тухалж байгаад автаад үзчихдэг тул тийм зуршилтай хэн нэгэнд хэрэг болж мэдэх контентуудыг хуваалцаж байя. 

The Journalist - Японы цуврал, Netflix 

Постер: The Journalist

Нэг хэсэг Netflix асаамагц хамгийн түрүүнд гарч ирээд байсан энэ киног Цагаан сарын амралтаар үзлээ.  IMDB дээр 7.2 буюу муугүй үнэлгээтэй энэ кино урьд нь нэг ангит бүрэн хэмжээний кино байсан бол энэ удаад Netflix 6 ангитай богино хэмжээний цуврал болгон бүтээжээ. 

Кинонд Ерөнхий сайдын гэргийн ашиг сонирхлын нөлөөгөөр олон нийтийн газрыг нэгэн компанид зах зээлийн үнэлгээнээс доогуур үнээр өгсөн нь илэрч байгаагаар үйл явдал эхэлнэ. "Японд бас ийм зүйл байдаг аа, кино хийх сүйдтэй ийм хэрэг тохиолддог гэж үү" гэж зурвасхан бодохоор л юм билээ. Тэгсэн "The Guardian" сонины ревьюд хүртэл "Япончууд бас авлига, ёс зүйн асуудалтай юм байна гэдгийг харахаар тайвширмаар ч юм шиг байлаа" гэжээ. 😝 За, энэ ч яахав. 

Ер нь эндээс авлига, төрийн алба, прокурор, хэвлэл мэдээлэл гэсэн дүр, үйл явдал кинонд үргэлжилнэ. Дүрүүдийн харилцаа яриа, бодол, мэдрэмжүүдийг анзаарвал дурьдаад өнгөрч байгаа үг, өгүүлбэрүүд нь надад цааш бодох эргэцүүллүүд цөөнгүй төрүүлж байв.

Шууданч хийдэг хэрнээ хэзээ ч сонин уншиж үзээгүй оюутан, түүнийг зөвхөн интернэтээр мэдээ үздэг гэж шоглох найзууд нь, төрийн албыг нэр төртэйгээр хийх эгэл ажилтан, гэхдээ төрийн алба гэж яг нийтийн эрх ашигт үйлчилдэг ажил уу, эсвэл зөвхөн тэрхэн үеийн удирдлагуудад үйлчилж байгаа хэрэг үү гэж эргэлзэх нэгэн, сэтгүүлчийн ажил таны хувьд юу вэ гэсэн асуулт, түүнд хариулж байгаа хэсэг, эцэстээ тэр л хариулт өөр нэгэн залууг сэтгүүлч болох хүсэлд хөтөлж буй, яагаад сонинд ажиллахыг хүсэж байна вэ, ирээдүйд-цахим эринд сонин хэвлэл хэрхэн өөрчлөгдөх вэ гээд киноноос хариулт авахгүй ч өөртөө бодох маш олон асуулт энд хөндөгдөнө. 

Киноны трейлэрийг эхлээд харахад өнгө, дүрслэл нь хар бараан, хүнд мэт сэтгэгдэл төрүүлж байсан ч эсрэгээрээ сэтгэл хөдлөм, уянгын хэсэг харин ч ихтэй, хүнд сэдвийг хөнгөн, хялбаршуулж үзүүлж дээ гэсэн сэтгэгдэл төрүүлж байлаа. Зарим талаар бас асуудлыг хэтэрхий хялбар үзүүлсэн нь гонсойлгомоор боловч дээр тоочсон асуултуудтай нүүр тулах боломж олгосон нь санал болгох шалтгаан боллоо. 

👏 Товхимлын минь эхний дугаарыг хүлээн авч уншсан Танд баярлалаа. Цаашид мэдээллээ илүү баяжуулан хүргэсээр байх болно. Танд медиа салбартай холбоотой дуулгах сонин, дамжуулах мэдээлэл байвал миний сошиал хаягуудаар шууд холбогдож байгаарай. Баярлалаа. 😎