• Медиа тойм
  • Posts
  • Таны сэтгэл санаа зүгээр биш. Огтхон ч зүгээр биш.

Таны сэтгэл санаа зүгээр биш. Огтхон ч зүгээр биш.

Нэг л мэдэхэд ядарч, бухимдаж, түгших мэдрэмж чинээндээ хүрч байсан удаа сэтгүүлч танд бий юү?

2022 ОНЫ 3 ДУГААР САРЫН 14ДУГААР №3

Шинэ долоо хоногийн мэнд! Гурав дахь удаагийн медиа тоймоо 300 хүнд илгээх болсондоо баяртай байна. Бага ч атугай шинэ мэдээлэл хүргэж, бодох, ярилцах сэдвүүд хуваалцаж байгаа гэдэгтээ найдаад бичсээр л байна. 

Энэ удаа багагүй хугацаанд дотроо бодож явсан сэдвээ барьж авлаа. Хорвоогийн юм бүхнийг, өөрийн дуртай, дургүй ямар ч сэдвийг анхааралтай дагаж, үйл явдал, үзэгдлийн учрыг олох гэсээр нэг л мэдэхэд ядарч, бухимдаж, түгших мэдрэмж чинээндээ хүрч байсан удаа сэтгүүлч Танд бий юү? Олон хүн энэ асуултад "тийм" гэж хариулна гэдэгт итгэлтэй байна. Бид сүүлийн жилүүдэд сэтгэл зүй, сэтгэцийн эрүүл мэндийн талаар трэнд болтол бичиж, ярьж байгаа хэрнээ хамгийн ачаалалтай ажил, мэргэжил болох сэтгүүлчийн сэтгэцийн эрүүл мэндийг яагаад хөнддөггүй билээ гэдэг надад хачирхалтай санагдаж багахан сонирхлоо. (Бүр "Ковидын үеийн сурвалжлагч Та зүгээр биш. Огтхон ч зүгээр биш" гэсэн нийтлэл хүртэл таарлаа.) Үүнийхээ дүнд бяцхан зөвлөмж бэлтгэснийг уншаарай.

Хэн нэгний илэрхийлсэн таагүй байр суурь, бусдын өдөөсөн үзэшгүй нөхцөл байдал хүлээн авагчид таалагдаагүйн төлөө нэг л мэдэхэд сэтгүүлч буруудчихсан, сошиал орчинд хараалгаж, зүхүүлж байгаа нөхцөл байдалтай бид багагүй тулах боллоо. Магадгүй заримдаа дасал болж, нэг их ач холбогдол өгөхөө ч больчихсон байж мэднэ. Гэсэн ч энэ бол зүгээр нэг тоохоо болиод орхих төдий бус анхааралтай авч үзэж, үүнээс сэргийлэх, хамт олон нь туслах, үнэхээр хүнд нөхцөлд орсон үед дагаж үлгэрлэх журам, хөтөч редакцуудад байх учиртай сэдэв. Тиймээс өөрийн бэлтгэж байсан цахим орчинд үзэн ядалт, гутаан доромжлолд өртвөл хэрхэх вэ гэх товч мэдээллээс хуваалцаж байна. 

Мөн The Media Show подкастынхаа шинэ дугаарыг хүргэж байна. Цаг гарган сонсоорой, бас Soundcloud, Apple Podcast дээр заавал дагаарай. ;) 

⏱ Энэ товхимол нь нийт 1450 үгтэй, та уншихад 11 мин зарцуулах болно. 

😱 Хөндөх сэдэв: Сэтгүүлчийн сэтгэцийн эрүүл мэнд 

Аюул осол, аваар, гэмт хэрэг гээд таагүй үйл явдал болоход ямар ч хүн тэндээс дөлдөг бол сэтгүүлч хүн хамгийн шуурхай очиж мэдээлэх үүрэг хүлээдэг. Тиймдээ ч аюул, осол, ноцтой явдал сурвалжилсны дараа түүнээс үүдэлтэй сэтгэл зүйн эвгүй мэдрэмжүүд үлддэг байна. Мөн зөвхөн онцгой тохиолдол гэлтгүй өдөр тутамдаа маш их мэдээлэлтэй ажиллаж, тэр бүрийн учир шалтгааныг эргэцүүлж, цаг хугацаатай уралдаж байдаг нь ажлаас халшрах (burn out), стресст өртөх, байнгын сэтгэл түгших нөхцөлд оруулдаг байна. Хамгийн гол нь сэтгүүлчид хувь хүний хувьд ийм байдалд орсныгоо өөрөө таньж мэдэж чаддаггүй бөгөөд стресс гэдэг үгийг ашиглахаас ч зайлсхийдэг талаар Төв Флоридагийн их сургуулийн судлаач Фрэд Фэдлер тэмдэглэжээ. 

Сэтгүүлчийн сэтгэцийн зүйн эрүүл мэндийн талаар тусгайлан авч хэлэлцэх нь ховор байсан бол есдүгээр сарын 11-ний үйл явдлаас хойш энэ талаар ярилцах, судлах нь илүү их болсноос гадна ковидын үеийн сурвалжлагчдын эрүүл мэндийн асуудал ойрын үед хамгийн их яригдаж байна. 

Сэтгүүлч, сурвалжлагчдын сэтгэл зүйн талаар уншихад даацтай, тусгайлсан эх сурвалж түгээмэл сэдвүүдтэй харьцуулахад тийм ч их биш юм байна. Бас би мэдээж мэргэжлийн хүн биш тул хялбаршуулсан зөвлөгөөнүүдээс эмхлээд хамгийн энгийн "тип"-үүдийг дор хуваалцаж байна. 

  1.  Өөрийгөө хайрлах - Удирдлага, хамт олон гээд хэн нэгэн өөрийг тань ойлгоно, халамжилна гэж хүлээлгүйгээр өөртөө анхаарал тавьж, өөрийнхөө сэтгэц, сэтгэл зүйг мэдэрч, сонсож сураарай. Өөрийгөө амгалан төлөвт аваачих эрүүл зуршилтай болж, түүнийгээ хэрэгжүүлж дадах нь чухал. 

  2. Өдөрт багахан завсарлага авах - Хамгийн энгийн мэт боловч бидний заримдаа анзаардаггүй, үл тоодог бяцхан завсарлагууд үнэндээ эргээд төвлөрөхөд, бүтээмжид тустай гэжээ. Тиймээс компьютерийн ард удаан суухдаа түр завсарлага авах сэрүүлэг тааруулж болно. Ойрхон алхах, аяга цай, кофе уух гэхчлэн юу ч хийж болно шүү дээ.

  3. Зорилгоо ямагт санах - Зогсолтгүй, урт удаан хугацаанд ажиллах явцдаа бид үнэндээ юуны төлөө, яагаад энэ ажлыг, сурвалжлагыг хийж байгаа вэ гэдгээ ч умартах нь бий. Тиймээс товчхон бичээд ширээ, өрөөнийхөө хаа нэгтээ хадаад үе үе өөртөө "харагдуулж" байгаарай.

  4. Ажлаа дуусгах өөрийн гэсэн арга барилтай бол - Ялангуяа, ковидын үед гэрээсээ ажиллах тохиолдолд ажил, амьдралын зааг улам бүдгэрсэн гэж болно. Тиймээс дараа компьютер дээрээ кино үзэх байсан ч хамаагүй, ажлаа дууссан л бол компьютерээ унтрааж хэвших. Мөн үнэртэй лаа асаахад өрөөний орчин өөрөөр мэдрэгдэж, ажлын уур амьсгалаас холддог байна. Ер нь юу ч хийсэн болно, гол нь ажил дууслаа гэсэн дохиог тархиндаа өгөх ямар нэг дадал, зуршилтай болох хэрэгтэй. Үгүй бол мэдээ хэзээ ч зогсохгүй.

  5. Сайн унтаж, амрах - Тогтмол цагт орондоо, орж өглөө сэрэх, унтахдаа электрон хэрэгслүүдээ унтраах зөвлөгөө таны уншсан юуны ч тухай хамаагүй бүх нийтлэлд байдаг байх. Гэхдээ л хэрэгжүүлж чаддаггүй хүмүүс бий. Тиймээс сэтгэцийн эрүүл мэнддээ анхаарч, урин цагийг эрүүл угтаж, илүү сайхан өнгөрүүлье гэвэл яг өнөөдрөөс эхлээрэй.

  6. Томоохон асуудал хөндсөн, нухацтай сурвалжлага хийх гэж байгаа бол санаа, сэтгэлээ бэлд - Том ажил руу орохоо мэдэж байгаа бол өмнө нь хүнд, хэцүү ажилтай үедээ хэрхэн даван туулж байснаа бодоорой. Юу эрч хүч өгч, юу илүү сул дорой, эрүүл биш болгож байв. Ачаалалтай үедээ илүү их иддэг, алкохол хэрэглэдэг зуршилтай юу? Тийм бол энэ зуршлаасаа хол байх арга хэмжээ авч эрүүл хэв маягаа бүрдүүлэхэд юу шаардлагатай байна, тэдгээрийгээ бэлдэх хэрэгтэй.

  7. Бусдад ч бас анхаарал хандуул - Зөвхөн өөрт төдийгүй ажлын хамт олондоо анхаарал хандуулж байгаарай. Бие биенээсээ хэр байна, тусламж хэрэгтэй юу гэхчлэн асууж сурах нь редакцид чухал соёл.

  8. Өөдрөг бодлыг төлөвшүүлэх - Сэтгүүлчид үргэлж аливааг "хардаж", баримт, нотолгоо эрсээр юунд ч итгэхээ больсон байдаг гэхэд хилсдэхгүй. Гэхдээ үл итгэгч ч өөдрөг бодол, сэтгэхүйтэй байж болно. :) Өдрийн төгсгөлд өөрт тохиолдсон таатай, талархам хоёр зүйлээ тэмдэглэж байгаарай. Заавал хосгүй, том нөлөөтэй зүйл байх албагүй шүү дээ.

  9. Төгсгөлд нь, хэрэв хийж сурсан, чаддаг зүйлсээ хийхэд хүнд хэцүү, бэрхшээлтэй санагдаж, үргэлж эргэлзээ төрөөд байвал танд тусламж хэрэгтэй байж мэднэ. Тиймээс сэтгэл хөдлөлөө анхаарч, шаардлагатай бол завсарлага авах, эсвэл мэргэжлийн сэтгэл зүйчид хандах хэрэгтэй.

🎙 The Media Show - Подкастын тухай подкаст 

Подкаст хийх, тууштай авч явах амаргүй давааг тойрч биш туулж явна даа. 😜 Хоёр долоо хоног бүр шинэ анги гаргах хуваариа зөрчдөгийн даваан дээр 13 дахь хоногтоо бичиж нийтэлснээр "будаг нь ханхалсан" шинэ дугаараа хуваалцаж байна. Зочны маань хувьд Монголд сонсогчдын тоогоороо эхний 10-т багтаж буй 'Seheeten Media'-г санаачлагч, хөтлөгч Х.Цогтбилгүүндарь урилгыг минь хүлээн авлаа. Ганцаараа эхлүүлж байсан подкаст нь өргөжиж "Сэхээтэн", "Ulaanbaatarian", "Нягтлав" зэрэг хэд хэдэн подкастыг эрхлэн гаргаж, компани болж ажиллаж байгаа нь сонирхолтой. 

Бид "Сэхээтэн" подкастын нэрийн утга, илэрхийллээс эхлээд таван жил тасралтгүй бэлтгэж байгаа тууштай байдлын үр дүн, подкаст медиа, платформын онцлог, итгэн үнэмшүүлэх давуу тал гэхчлэн олон зүйлийг ярилцсан. Төгсгөлд нь бас нэг сүрхий дүгнэлт хийгээд авсан. Сонсоорой, түгээгээрэй. Бас сэтгэгдлээ хуваалцаж байгаарай, маш их урам болдог шүү. 😉

🤭 Сошиал медиа - Үзэн ядалтад өртөх

Хөндөх сэдэвтэй холбоотойгоор цахим орчинд сэтгүүлчид үзэн ядалт, гутаан доромжлолд өртсөн тохиолдолд хэрхэх талаар зөвлөмжийг хүргэж байна. Сүүлийн жилүүдэд мэдээ, нийтлэл, нэвтрүүлгийн агуулгатай холбоотойгоор хувь сэтгүүлч рүү дайрч, доромжлох явдал цахим орчинд түгээмэл гарах болсон. Сэтгүүлчид энэ тал дээрээ арга хэмжээ авч, бие биенээ хамгаалах оролдлогууд хийдэг ч редакцын зүгээс энэ асуудалд хэрхэн хандах вэ гэдэг тэр бүр яригддаггүй. Тиймээс Хэвлэл мэдээллийн зөвлөлийн захиалгаар боловсруулж байсан дээрх гарын авлагаас онцлох хэсгийг хуваалцаж байна. 

📌 Редакцын удирдлагуудад зөвлөх нь:

  • Сэтгүүлч, сурвалжлагч нар өөрийг нь үзэн ядаж, гутаан доромжилсон аливаа дуудлага, текст, и-мейлээ танд үзүүлэхийг хүсэхгүй эсвэл хэрхэн тусгаж авч буйгаа шуудхан хэлэхгүй байж мэднэ. Гэсэн хэдий ч нөхцөл байдлыг ойлгож, зөвөөр үнэлж дүгнэх хэрэгтэй.

  • Ажил олгогчийн зүгээс ямар тусламж шаардлагатай байгааг асуугаарай. Түүнчлэн онлайн хэвлэл болон сошиал медиа хуудсуудад сэтгэгдлийн хэсэг нь ямар тохиргоотой, сэтгүүлчийн бүтээлийн дор аливаа заналхийлэл, үзэн ядалт агуулсан сэтгэгдэл байгаа эсэхийг хянаж, шаардлагатай арга хэмжээг авах.

  • Танай редакцын хэн нэгэн сэтгүүлч үзэн ядалт, доромжлолын бай болсон бол энэ асуудал давтагдах өндөр магадлалтай. Тиймээс редакцдаа сургалт авах, дахин үзэн ядалтын бай болсон тохиолдолд ямар арга хэмжээ авах тухай заавар, зөвлөмжийг тодорхой  болгох хэрэгтэй.

  • Үүссэн нөхцөл байдлыг зөвөөр үнэлж, эрсдлийг тооц. Тухайн үзэн ядалт, гутаан доромжлол нь хүч хэрэглэх заналхийлэл агуулж уу, сэтгүүлчид халдах магадлал бий юү, энэ асуудлыг цагдаад мэдэгдсэн нь дээр үү зэргийг ярилцаарай. Мөн сэтгүүлчдээ тухайн нөхцөл байдалтай холбоотой бүхий л баримтын архивыг үүсгэхийг зөвлөж, анхааруулах.

  • Сэтгүүлч, сурвалжлагчийнхаа сэтгэл зүйн нөхцөл байдлыг мэдэрч, сэтгэцийн эрүүл мэндийг анхааран шаардлагатай бол тусламж үзүүлэх нөхцлийг бүрдүүлээрэй.

  • Заналхийлэл, үзэн ядалтад өртсөн хүн ихэнх тохиолдолд өөрийгөө буруутгах, хийсэн зүйлдээ эргэлзэж эхэлдэг. Энэ үед нь ажилтандаа өөртөө итгэх итгэлийг өгч, урам зоригийг нь тэтгэж, редакцын зүгээс түшиж тулах болно гэдгийг хэлээрэй.

  • Шаардлагатай тохиолдолд сэтгүүлчээ хамгаалж нийтэд байр сууриа илэрхийл. Асуудал олон нийтийн анхаарлыг татсан бол тэдэнд редакцынхаа зарчим, үйл хэргийг тайлбарлан таниул.

  • Редакцын хамт олондоо үзэн ядалт, заналхийлэлд өртсөн хэн нэгэндээ хэрхэн тусалж болох тухай ярилцахын зэрэгцээ редакцын хамт олны нууцыг яаж хадгалах, хамгаалахаа илэрхийл.

  • Танай байгууллагад сошиал медиа хэрэглээний зөвлөмж, журам бий юү, ажилтнууд тань хувийн нууцаа хангалттай хамгаалж чадаж байгаа юу, хэрэв хэн нэгэн нь сошиал дайралтад өртвөл түүнийг хэн хариуцаж, шийдвэрийг зохион байгуулах вэ? Энэ бүхнийг тодорхой болгосон дүрэм, дотоод журам хэрэгтэй.

Гарын авлагын дэлгэрэнгүйг эндээс уншаарай. Зөвхөн үзэн ядалтад өртөх тухай гэлтгүй хуурамч мэдээллийг ялган таних, сошиал медиа орчинд биеэ авч явах зэрэг асуудлыг BBC, DW редакцын жишиг болон судалгааны материалуудад үндэслэн бэлтгэсэн. 

⚡️ ШИНЭЭР 

Чөлөөт илэрхийлэл ба чөлөөт сэтгүүл зүй

📖 Шинэ ном: "Чөлөөт илэрхийлэл ба чөлөөт сэтгүүл зүй", Х.Наранжаргал 

Х.Наранжаргал багшийн шинэ ном өнгөрсөн долоо хоногт уншигчдын гарт хүрчээ. Facebook дэх багш, судлаачдын сэтгэгдлийг дор хавсаргав.  

"Чөлөөт илэрхийллийн олон улсын эрх зүйн хэм хэмжээг амьдрал дээрх энгийн жишээгээр баяжуулан тайлбарласан энэхүү ном сэтгүүлч, хуульч бэлтгэж буй их дээд сургуулиудын багш нарт төдийгүй судлаачид, хүний эрх хамгаалагчдад маш үнэ цэнтэй." - Zulzaya Nyamkhuu

"Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг таксины жолоочийн яриа, суут сэтгэгчдийн санаа бодол, хүний эрхийн мэргэжилтнүүдийн тайлбар, хууль тогтоомж, эрх зүйн актуудтай уялдуулан бичсэн сонирхолтой ном гарчээ." - Ariun Lkh

🔍 Шинэ хэрэглүүр: LinkedIn нэмэлт 

LinkedIn-д ажлын туршлагаа бичихэд завсарлага авсан жилүүдээ оруулах боломжгүй байсныг өөрчилжээ. Хүн төрөлхтөн тасралтгүй ажил эрхэлсэн байх ёстой мэт дараалал харуулдаг байсан тэрхүү хэсэг хүүхдээ асарсан, бусдыг асарч, халамжилсан, аялсан, сайн дурын ажил хийсэн, тэр ч бүү хэл хувийн сонирхлоо хөгжүүлсэн буюу магадгүй "хувиараа" гэж болох ч сонголт нэмэгджээ. "Add career break" гэх энэхүү хүнлэг нэмэлтэд маш олон хэрэглэгч баяртай байгаагаа бичсэн байна. 

👽 ЭНТЕРТЭЙНМЭНТ

Товхимлын дугаар хооронд маань "алдарт" Март-8 тохиолоо. Энэ өдрөөр Ub.life сайт, TenGer TV дижитал багийнхан маань хамтраад Mindspace сувгаас санаа авч нэгэн туршилт хийж үзсэн юм. Жендэрийн хэвшмэл ойлголт бидний дотор өөрөө ч үл анзаарам байдлаар суучихсан байдаг ч юм билүү? Ердөө 4 минутын энэ видеог үзэнгээ Та ч бас өөрийгөө шалгаад үзээрэй. 

👏 Товхимлын минь шинэ дугаарыг хүлээн авч уншсанд баярлалаа. Танд медиа салбартай холбоотой дуулгах сонин, дамжуулах мэдээлэл байвал миний сошиал хаягуудаар шууд холбогдоорой. Энэ дугаартай холбоотой сэтгэгдлээ бас и-мейлд шууд хариулан хуваалцаарай. 😎