• Медиа тойм
  • Posts
  • Төлбөртэй хэрэгсэл гэдэг зөвхөн мөнгө олохын нэр биш

Төлбөртэй хэрэгсэл гэдэг зөвхөн мөнгө олохын нэр биш

Хэрэглэгчийн хувьд яг л заяаны ханиа сонгохтой адил итгэлээ өгч буй хэрэг

2022 ОНЫ 2 ДУГААР САРЫН 28 Дугаар №2

Медиа тойм товхимлын шинэ дугаарт тавтай морил. Дэлхий даяар Орос, Украины асуудалд гол анхаарлаа хандуулж, тэр хэрээр сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагуудад ирэх олон нийтийн анхаарал, шаардлага өндөрссөн өдрүүд өнгөрч байна. Гэхдээ үүнээс өмнө бас л багагүй анхаарал татсан олон нийтийн телевизийн хураамжтай холбоотой асуудлыг эхлээд ярья гэж бодлоо. Энэ тухайд нэг л телевизийн асуудал биш олон нийтийн төдийгүй ер нь медиад хэрхэн мөнгө төлөх вэ гэдэг талаас харахыг хичээлээ. 

Уламжлалт мэдээллийн хэрэгслээс гадна дижитал орчинд ч контент бүтээгчид агуулга туурвиж, платформоор дамжуулсан сурталчилгаа болон хамтран ажиллагсдын түншлэлээр мөнгөн харилцаа үүсгэх болсон. Үүнийг дагаад бүтээлч эдийн засаг гэсэн шинэ ойлголт хэрхэн гарсныг подкаст хэсгээс сонсоорой. 

Цар тахлын хориг, хязгаарлалттай хоёр жилийг үдэж, өнгөрсөн хугацаанд бид хэрхэн ажиллав гэдгийг "Ковид-19: Мэдэх эрх ба Сэтгүүлчийн ёс зүй" форумаар хөндөн ярилцсан нь эргээд харахад сургамжтай байлаа. Гол илтгэлүүдийн дүгнэлтийг тоймлон тэмдэглэснийг уншаарай.

⏱ Энэ товхимол нь нийт 1445 үгтэй, та уншихад 11 мин зарцуулах болно. 

💰 ХЭВЛЭЛД МӨНГӨ ТӨЛӨХ ҮҮ? : Олон нийтийн телевиз 

Олон нийтийн телевизийн чанар болоод төлбөрийн асуудал өнгөрсөн өдрүүдэд ихэд хөндөгдөв. Дэлхийн дахинаа олон нийтийн телевизүүдийн хамгийн үлгэр жишээ нь BBC гэдэг боловч "BBC-г хэн үздэг вэ?", "BBC сайн, муу байна уу, цаашид хэрхэх вэ?" гэсэн асуудал, хэлэлцүүлгүүд Английн медиа орчинд ч үргэлж болж хүмүүс санал, бодлоо уралдуулж байдгийг бодохоор бид ч бас энэ талаар нийгмээрээ хэлэлцдэг болсон нь сайн жишиг гэж болно. Нээрэн бид чинь сар бүр 1100 төгрөг төлдөг билүү, гэтэл тэд бидэнд юу үзүүлж, сонсгож байна вэ гэсэн олон нийтийн анхаарал, "халамж" цаашид хэрэгтэй биз ээ. 

Гэхдээ энэ бүхэн эхлээд юун тухай ярьж байна вэ, юуг юутай харьцуулах вэ гэдгээ зөв тодорхойлохоос эхлэх болов уу. Товхимлыг маань захиалсан хүмүүсийн дийлэнх нь салбарын хүмүүс байгаа ч оюутан болоод медиад сонирхолтой мэргэжлийн бус хүн ч цөөнгүй тул багахан мэдээллийг хамтдаа харцгаая. 

Олон нийтийн VS Арилжааны

Олон нийтийн VS Арилжааны

Хэвлэл, мэдээллийг ойлгох нь гэх товчхон сургалт хийхдээ дээрх харьцуулалтыг би үргэлж үзүүлдэг юм. BBC 1922 онд байгуулагдсан Британийн олон нийтийн корпораци бол CNN арилжааны тодотголтой олон улсын мэдээний суваг. Дээрх харьцуулалтаас үүдээд олон нийтийн телевиз яагаад "сенсацилдаггүй" вэ, яагаад "күүл" биш вэ, яагаад зөвхөн миний сонирхолд нийцсэн зүйлсийг гаргадаггүй вэ, яагаад үзэхэд сэтгэл хөдлөм, огшоосон, "амттай" биш вэ?

Учир нь олон нийтийн статустай мэдээллийн хэрэгсэл нь (1) universal appeal буюу бүх нийтэд хүртээмжтэй, нийгмийн тодорхой бүлгэд бус бүх л хэсэгт яс үндэс, нийгмийн байдал, орлогын түвшин үл хамааран тэгш хүртээмжтэй хүрэх зарчмыг эрэлхийлэн ажилладаг. Түүнчлэн (2) diversity буюу олон талт байдлын тусгал болж нийгмийн бүхий л бүлгийн дуу хоолой, индэр болох ёстой учраас бид үздэггүй ч буриад аялга, казах, тува хэлээр мэдээллийн хөтөлбөр бэлтгэж гаргадаг. Нэмээд (3) independent буюу бие даасан бодлоготой байх, цаашлаад контентийн тоо бус чанарт төвлөрөх, нийгмийн масс олон биш ард үлдэж мэдэх цөөнхийг анхаарах, хориглолт бус эрх чөлөөг нь дэмжсэн тодорхой зөвлөмж, журмыг чандлах зэрэг олон суурь зарчим бий. 

Дээрхээс хэвлэл, мэдээллийн хэрэгсэл тэр дундаа редакцын бодлого бие даан тодорхойлоход хараат бус байдал хамгийн чухал нь. Үүнийг бий болгодог олон хөшүүргээс мөн л хамгийн чухал нь санхүүгийн хараат бус байдал гэдэгтэй хэн ч маргахгүй. Харин МҮОНРТ-ийн төсөв сүүлийн жилүүдэд ойролцоогоор 10-15 тэрбум орчим төгрөгт хэлбэлзэж байгаагийн бараг хагасыг улсын төсвөөс санхүүжүүлж буй. Олон нийтийн хураамжаас татан төвлөрүүлж байгаа мөнгөн дүнг дүйцүүлээд харвал төсвийн гуравны нэг орчим болж байна. Ийм нөхцөлд энэ хэрэгсэл маань олон нийтийн нэртэй боловч үнэн хэрэгтээ эрх баригчдын "гарт" байхаас аргагүй нь зах зээлээс тулгаж буй үнэн гэж болно. 

Гэхдээ ингэлээ гээд төлбөрөө төлөхөө больё, олон нийтийн хэрэгслийг хувьчилъя гэх нь утгагүй. Бид гал, усны байгалийн гамшгаас эхлээд үүсэж болох алив онцгой нөхцөлд бүх нийтийг хамарсан мэдээлэл хүргэх хэрэгсэлтэй байх учиртай. Нөгөөтэйгүүр, BBC-г харвал жилийн 5 тэрбум фунтын орлогын 3.6 тэрбумыг хэрэглэгчдийн төлбөрөөс бүрдүүлдэг тул тэднээс ирэх хяналт, шаардлага үйл ажиллагаанд нь жинтэй тусдаг байна. Тиймээс олон нийт бид жинлүүрт илүү байр суурь эзэлж байж хяналт маань бодитой үйл хэрэг болно.

Энэ нь гэхдээ юу юугүй маргаашнаас үнийг нь нэмье гэхээс илүүтэй урт хугацааны итгэлцэл дээр суурилах нь гарцаагүй. Сүүлийн жилүүдэд зөвхөн олон нийтийн статустай хэрэгсэл гэлтгүй старт-ап медиа компаниуд ч төлбөртэй түгээлтийн хэлбэрийг турших болсон. Тэдэнд зориулж төлбөртэй хэрэглэгч бий болгохдоо дараах үе шатыг туулж, итгэлцэлд суурилсан харилцаа бий болгохыг санал болгосон байдаг. 

Мэдээллийн хэрэгсэл төлбөр тогтоох замнал

Мэдээллийн хэрэгсэл төлбөр тогтоох замнал

Төлбөртэй хэрэгсэл болох нь зөвхөн мөнгө олохын нэр биш, энэ нь хэрэглэгчийн хувьд яг л заяаны ханиа сонгохтой адил итгэлээ өгч буй хэрэг гэж зүйрлэдэг. Тиймээс эхлээд тэдний анхаарлыг татах, дараа нь сэтгэлийг нь булааж тогтмол хэрэгсэл нь болох, бие биенээ таньж мэдэх буюу бүртгэлжүүлэх, үүний дараа төлбөр хүсэж улмаар түүнээ тогтоон барих үе шат бий. 

MNB-ийн хувьд 1967 онд байгуулагдаж улсын төв телевиз явсаар 2005 онд Олон нийтийн радио, телевизийн тухай бие даасан хуультай болж, статус нь өөрчлөгдсөн ч, олон нийт энэ статусын учрыг одоо ч бүрэн ялгаж, салгахгүй байх шиг. Тэгэхээр дээрх замаар хэрэглэгчидтэйгээ "шинээр" танилцаж, төлбөрийг аажим нэмэх хувилбарыг санал болгож, үе шаттай үйл ажиллагаагаа дүгнүүлж, зөвшилцөж явж болохгүй гэж үү гэх гэнэн санаа сошиал хэлэлцүүлгүүдийг хараад төрж байлаа. 

Чанартай контент, бие даасан байдал, олон нийтийн хяналт, санхүүжилт гэсэн энэ ойлголтууд ижил тэнцүү хангагдаж байж бид итгэлтэй олон нийтийн хэрэгсэлтэй байна. Дашрамд, сүүлд 2019 онд МҮОНРТ Үзэгчдийн аудит хэлэлцүүлэг яг энэ үед зохион байгуулж байв. (Түүнээс хойшхийг харин олсонгүй.)

🗓️ ҮЙЛ ЯВДАЛ: Сэтгүүл зүйн ёс зүйн форум 

Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс уламжлал болгон зохион байгуулдаг Сэтгүүл зүйн ёс зүйн форум энэ сарын 24-нд "Ковид-19: Мэдэх эрх - Сэтгүүлчийн ёс зүй" сэдвээр явагдлаа. 

Фото: Б.Долгорсүрэн (Ub.life)

Энэ үеэр Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаагийн "Цар тахлын үеийн хэвлэлийн эрх чөлөө", МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийттэй харилцах тэнхимийн багш Д.Идэржаргалын "Сэтгүүл зүйн үүрэг, хамтын ажиллагаа", Монголын Эмнести Интернэшнл ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Алтантуяа нарын илтгэлээс онцлох санааг тоймлолоо. 

  1. Цар тахлын үед хэвлэлийн эрх чөлөө хумигдсан - Эх сурвалжийн дутагдалд орсон, Засгийн газрын нэг урсгалт мэдээлэл зонхилсон, төрийн болон бусад албаныхан мэдээлэл өгөхөөс татгалзсан, сэтгэгдэл хаах, хориглох саад гарсан, ХМБ-уудад ялгавартай хандсан зэрэг шалтгааны улмаас хэвлэлийн эрх чөлөө хумигдсан гэж сэтгүүлчдийн тавны гурав нь үзжээ.

  2. Цар тахлын үед нэг чигт тайлагнаж, тайлбарласан мэдээ давамгайлав - Д.Идэржаргал багш цар тахлын үеийн 11 цагийн хэвлэлийн бага хурлын мэдээлэлд анализ хийжээ. Хурлын агуулгын 54 хувь нь тайлагнасан шинжтэй дараачийн алхам, шийдэл танилцуулсан мэдээлэл огт байгаагүй гэв. Түүнчлэн төрийн зүгээс нэг чиглэлт мэдээллийн урсгал давамгайлж, сэтгүүл зүйн оролцоо үүргийг хязгаарласан, хэвлэл мэдээллийн байгууллагууд асуудлыг цогцоор мэдээлэх, сэдвийн төрөлжүүлэх тал дээр сул байсан, олон нийтийн санаа бодолд нөлөөлсөн, даацтай бүтээл ховор байсан гэлээ.

  3. Эрүүгийн хуулийн 13.14 буюу Худал мэдээлэл тараах тухай 2020 онд 251 хэрэг шалгагдаж байсан бол 2021 оны зөвхөн эхний дөрвөн сард энэ тоо 119 хүрээд байжээ. (Холбоотой нийтлэл) Мөн Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн (Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих) 5.13.1 дэх заалтаар 2020 онд нийт 1790 хэрэг бүртгэгдэж 1480 хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан байна. Худал мэдээлэл тараах гэмт хэрэгт холбогдогсдын 8.7 хувь нь сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагууд байжээ. Энэ хугацаанд нэг талаас цар тахлын үеийн мэдээллийн эх сурвалж болж байсан эрх бүхий байгууллагууд хүртээмжтэй хэлбэрээр, хоёрдмол утгагүйгээр мэдээллийг тухай бүрт өгч байх үүргээ хэрэгжүүлэх, ингэж мэдээлэл өгөөгүй нөхцөлд иргэдийг "худал мэдээлэл тараасан" гэж шийтгэхгүй байх учиртай гэдгийг илтгэлийн дүгнэлтэд онцолсон байв.

  4. Сэтгүүл зүй дагаж сурвалжилснаас манлайлж сурвалжилж чадаагүй - Редакцын түвшинд ёс зүйн зохицуулалт сул буюу бусдын хувийн амьдралтай холбоотой мэдээллийг хамгаалаагүй, онц байдлын үед сэтгүүлчид хэрхэн ажиллах тухай зохицуулалт, туршлага сул, цахим орчинд ажиллахад хурдан, шуурхай дасан зохицох менежмент сул, мөн хамтын ажиллагаа, нэгдмэл байдал сул байсан гэжээ.

  5. Үзэл бодлоо илэрхийлэх эрхэд тавьж буй хязгаарлалт цар тахлын дараа ч үргэлжилсээр байна - Иргэний мэдээлэл олж авах, эрж хайх эрхийг ямар ч тохиолдолд хязгаарлаж болохгүй. Харин цар тахлын үед үзэл бодлоо илэрхийлэх эрхийг боомилох, мэдээллийн урсгалыг хумих тохиолдлууд гарсан. Энэ нь Монгол гэлтгүй дэлхий дахинд ажиглагдаж байгаа үзэгдэл бөгөөд цар тахлын дараа ч үргэлжилж байгаа нь хүний эрхийн байгууллагуудын анхаарлыг татаж байна гэлээ.

⚡️ШИНЭЭР 

Шинэ подкаст - Нягтлав 

Seheeten Media-с эрхлэн гаргадаг "Нягтлав" подкаст шинэ дугаараа Graph.mn-тэй хамтран видео тайлбар (explained) хэлбэрээр гаргасан нь цаг үеийн сэдэвтэй онцгой уялдаж, амралтын өдрүүдээр сошиал платформуудад өндөр хандалт авчээ. 

Шинэ хэвлэл - "Tagtaa review"

"Tagtaa publishing" хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг утга зохиолын "Tagtaa Review" сэтгүүлийн шинэ дугаар хэвлэлтэд шилжжээ.

"...The New Yorker, The New England Review, The Iowa Review зэрэг дэлхийн уран зохиолын өнгө төрхийг тодорхойлогч томоохон сэтгүүлүүдийн нэгэн адил утга зохиолын үнэ цэн, чанар чансааг өөрийн нэрээр батлан даасан, улам өргөсөн, урт удаан жилийн настай, жинхэнэ мэргэжлийн утга зохиолын сэтгүүл болохын зэрэгцээ үндэсний уран зохиолоо дэлхийн уран зохиолын ай савтай нэгтгэхэд нэгэн урсгал болон зам гаргаж, жим татаасай..." хэмээн анхны дугаарын Редакцын зурвастаа эрхлэгч Б.Баясгалан бичиж байсанчлан үнэхээр даацтай, уншууртай нэгэн хэвлэл удахгүй бидний гарт ирэх нь ээ. 

Шинэ жүжиг - "Гэм зэм" 

Энэ өвөл олны анхаарлыг хамгийн их татсан Ф.Достоевскийн "Гэм зэм" жүжгийг "Орфей" театрынхан гуравдугаар сарын 3-наас дахин тоглох нь. Энэ удаад жүжигчдийн бүрэлдэхүүнд дараах өөрчлөлт орсон байна. 

  • Пульхерия Александровнагийн буюу ээжийн дүрд МУГЖ Б.Нармандах

  • Разумихин буюу өмгөөлөгчийн дүрд жүжигчин Э.Ууганбаяр

  • Сэтгэцийн эмч Зосимовын дүрд жүжигчин Л.Дөлгөөн

  • Мордогч Порфирий Петровичийн дүрд СТА Т.Ариунчимэг

🎙️ ПОДКАСТ - The Media Show 

The Media Show подкастын шинэ дугаараа өнгөрсөн долоо хоногт нийтэллээ. Энэ удаа YouTube, Instagram гээд дижитал орчинд олон мянган дагагч, хүрээлэлтэй контент бүтээгч Г.Анутай ярилцсан юм. Долоо хоног бүрийн даваа гарагийн өглөө яг тогтсон цагтаа видеогоо хүргэж, хүлээн авагчидтайгаа харилцаа өрнүүлэхийн зэрэгцээ үүний ард ажлын ямар арга барил, хэв маяг өрнөж басхүү контент бүтээгч гэх энэ шинэ "ажил", контент бүтээгчийн эдийн засгийн харилцаа гэхчлэн шинэ сэдвүүдийн талаар ярилцлаа. 

👽 ЭНТЕРТЭЙНМЭНТ

The New Yorker - Зөвхөн дижиталаар 

100 шахам жилийн түүхтэй, өндөр чанартай сэтгүүл зүйн бичвэрүүд, уран зохиол, театр, урлаг төдийгүй нийгэм, соёлын бүхий л сэдвийг хөндөн бичдэг "The New Yorker" сэтгүүл зөвхөн дижиталаар хүргэх агуулгуудтай анхны дугаараа гаргалаа. Орчин цагийн сод дүрүүдтэй гүн гүнзгий ярилцлагууд хийсэн нэрсийг нь хараад л уйлах дөхлөө. Зөвхөн дижиталаар унших боломжтой тэрхүү нийтлэлүүдийг цаг гаргаж тухлаад, эндээс амтархан уншаарай. 

👏 Товхимлын минь шинэ дугаарыг хүлээн авч уншсан Танд баярлалаа. Танд медиа салбартай холбоотой дуулгах сонин, дамжуулах мэдээлэл байвал миний сошиал хаягуудаар шууд холбогдож байгаарай. Баярлалаа. 😎